Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Газрын тосны салбарын түүхт 79 жилийн ойн баярын мэндийг салбарын хамт олон, газрын тосны инженер техникийн ажилтнууд, эрдэмтэд, судлаачид салбарын он цагийн түүхийг бичилцсэн ахмадуудаа, одоо түүхийг хамтран бүтээж яваа нийт албан хаагчдад хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор жил бүргийн 5 дугаар сарын 4 дэх долоо хоногийн ням гаригийг Газрын тосны салбарын ажилтны өдөр болгон зарласан билээ. 1941 онд “Союз нефть экспорт” нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн авсан тэр үеэс түүхийн хуудсаа эхэлсэн газрын тосны салбар өдгөө стратегийн ач холбогдолтой салбарын нэг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын 32 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 2016-2019 онд Монгол Улсын хэмжээнд 3.9 сая тонн газрын тос олборлож, экспортлон газрын тосны орлогоос нийт 787 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна. Энэ нь газрын тосны салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгаагийн тод илрэл юм.

Монгол Улс 1923 оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд манай улс хоёр сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.

Жил бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэгцээг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч үндэсний цөөнгүй аж ахуйн нэгж хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт үгээж, Монгол орныг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай тасралтгүй хангаж байна. Улмаар дэлхийн зах зээл дээр газрын үнэ буурсантай холбогдуулан 2020 он гарснаар улсын хэмжээнд шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүэрэр литр тутамд 190-430 төгрөгөөр бууруулаад байна.

Цаашид бид газрын тосны эрэл хайгуул, олборолтыг нэмэгдүүлэх замаар шинээр байгуулагдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах,ч анартай, хямд газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангах, хууль, эрх орчноо улам боловсронгуй болгох, салбарын нийт албан хаагчдын боловсрол, нийгмийн асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллахыг зорьж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Ашигт малтмал, газрын тосны газрын өмнөөс болон хувиасаа Газрын тосны салбарын нийт хамт олон, үе үеийн ахмадууд, эрдэмтэн судлаачид, удирдлагууд, ажилтан, ажилчид болон та бүхний гэр бүлд газрын тосны салбар үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхан, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.