Олон улсын валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр “Ковид-19” цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв. “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.

“Монгол Улсад ОУВС-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй, энэ сарын 23-нд эцэслэх хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжийг бүрдүүлжээ гэсэн юм.

Тэрээр анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал гэдгийг онцолсон. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөрч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатайг сануулсан юм.

Харин вирусийн тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөлөө. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ удаагийн цахим уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн ажлын хэсгийн төвшний хэлэлцээрт хүрлээ.

Эх сурвалж: www.mongolbank.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.