Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэв. Тэрээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гарсан гэдгийг дуулгалаа.

Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч түрээслээд, өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах аж. Мөн  Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих явцад хохирсон иргэд бий. Харин иргэдийг хохиролгүй байлгах үүднээс нийслэл өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн түрээслээд өмчлөх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Энэ ажлын үр дүнд нийт 3000 орчим айл өрх орон сууцанд хамрагдсан байна. Дахин төлөвлөх ажлын хүрээнд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр иргэдийг эхний ээлжинд орон  сууцанд оруулсны дараагаар газрыг нь чөлөөлөх байдлаар зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн хувьд санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцтай болох хэрэгцээ шаардлага бий. Тиймээс нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, өргөн хүрээнд, богино хугацаанд олон айл өрхийг орон сууцжуулах ажил бодитойгоор хэрэгжиж байгааг хотын Захирагч хэллээ. Нөгөөтэйгүүр барилгын компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаад захиалга авч буй нийт 17788 орон сууц байгаа бол ашиглалтад 4078 нь оржээ. Эрэлт хэрэгцээ байгаа ч санхүүгийн хүндрэлээс үүдэн орон сууцны борлуулалт саарч байгаа тулбарилгын компаниудын царцсан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ утааг бууруулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг эхлүүлж буйг хотын Захирагч онцолж байлаа. Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийслэлийн иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдах боломжтойюм.

Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50  ам метр орон сууцанд сар бүр 394.000 төгрөг, 60 ам метр бол сар бүр 490.000 төгрөг, 70 ам метр бол 690.000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломжтой. Түүнчлэн тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа ажээ.  

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.