Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэ жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ. 

Европын Комисс өчигдөр  Европын холбооны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаас гадна ирэх нэг жилийн хугацаанд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.

Европын холбооноос олон нийтэд зарласан хар жагсаалтад 12 улс шинээр нэмэгдсэн бол Босни Герцеговин, Этиопи, Гуяана, Лаос, Шри Ланк, Тунис гэсэн зургаан улсыг хар жагсаалтаас хассан байна.

Европын холбооноос боловсруулж буй бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн төвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр ойрын нэг сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох аж. Төслийг баталсан тохиолдолд ирэх аравдугаар сараас эхлэн  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.

Ингэснээр Европын холбооны банкууд болон санхүүгийн бусад фирмүүд дээрх улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан шалгах, судлах үүрэг хүлээхээр болжээ. Түүнчлэн жагсаалтад орсон улс орнуудын компаниуд Европын холбооноос шинэ санхүүжилт авах эрхгүй болно гэж Ройтерс агентлаг мэдээлж байсан билээ. 

Эх сурвалж: www.ec.europa.eu

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.