Жазагийн Амарсанаа БОЛОВСРОЛ:
• 1991-1996 онд Оточ Манрамба дээд сургуульд Анагаах Ухааны бакалавр
• 1996-1997 онд Анагаах Ухааны Их сургуульд магистр
• 1998-2000 онд Токиогийн Их сургуулийн дотрын тэнхимд судлаач
• 2000-2002 онд Токиогийн Их Сургуульд эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр
• 2002-2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд анагаах ухааны доктор
• 2006-2008 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаахын сургуулийн Докторын дараах програмд ажиллаж багшилсан.

Эрхэлж буй ажил:
• Хаппи Веритас Элэгний төв лаборатори-д, ерөнхий захирал
• Интерферон Альфа Эмнэлэгт ерөнхий захирал
• Монголын Анагаах Ухааны Хүрээлэнд Эрдэм шижилгээний ажилтан (Хорт хавдрын эрт илрүүлэлт төсөл)
• Оточ Манрамба дээд сургуулийн лектор
• Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбооны тэргүүн
• “Гарваа” сангийн тэргүүн
• Ази Номхон Далайн Элэгний Эмгэг Судлалын Холбооны Зөвлөх
• President-elect for 2nd HCV APASL Single Topic Conference, 2012

АВСАН ШАГНАЛ:
• 1998 онд Япон Улсын Засгийн газрын нэрэмжит тэтгэлэг (7 жил)
• 2005 онд Honjo Олон Улсын сангийн нэрэмжит тэтгэлэг
• Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Шилдэг Бүтээлийн Шагнал
• 2007 онд АНУ-ын Үндэсний Нойр Булчирхайн Нийгэмлэгээс судалгаа хийх мөнгөн шагналын эрх.
• 2007 онд АНУ-ын Хавдар судлалын Нийгэмлэгээс зохион байгуулсан сургалтанд хамрагдах эрх (7 хоног)
• 2009 онд Монголын Залуучуудын Холбооны Хөдөлмөрийн алдар медаль
• 2009 онд “Монголын бахархал”-9 залуу шагналын эзэн

СУДАЛГААНЫ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД:
• Хавдар судлал
• Вирүс судлал
• Орлуулах эмчилгээ
• RNA интерференс
• Молекул биологи, Биотехнологи
• siRNA генийн эмчилгээ
• Генетикийн хүчин зүйл ба элэгний эмгэг
• Вирүсийн гаралтай элэгний үрэвсэл, цирроз, хорт хавдар

-Та эмч болж байсан түүхээсээ болон гадаад улсад суралцаж, мэргэжил эзэмшин ажиллаж байсан тухайгаа ярихгүй юу?
-Би анх 1996 онд “Оточ манрамба” дээд сургуулийг дүүргэж хүний их эмч болсон. Түүнээс хойш уламжлалт анагаах ухаан, элэг судлал, вирүс судлал, хавдар судлалын чиглэлээр ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна.
2008 онд эх орондоо ирээд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар сүүлийн 3 жил ажиллаж байна. 2008 ондоо Элэгний “Хаппи Беритас” төв лабораторийг байгуулж байсан. Мөн элэгний Интерферон-Альфа эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллахын зэрэгцээ судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна.

-Энэ бүхэнд хамгийн их тусалсан хүн гэвэл?
-Аав ээжийн чиглүүлэг, багш нарын дэмжлэг хамгийн их нөлөөлсөн. Манай аав хилийн цэрэг, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, тэтгэвэртээ гарахаасаа өмнө Цагдаагийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан түүхийн ухааны доктор хүн байдаг. Ээж эмэгтэйчүүдийн байгууллага, үйлдвэрчний эвлэлд ажиллаж байгаад одоо тэтгэвэрээ авсан. Аав маань өөрийнхөө стратегийн төлөвлөгөөний дагуу хүүхдүүдээ эмч, хуульч, инженер, эдийн засагч болгоно гэж бодож, төлөвлөсөний дагуу бид мэргэжил эзэмшсэн юм. Аав маань намайг эмч болох хүн байна гэж харсан.

-Эмч мэргэжлийг эзэмшүүлсэн Нацагдорж багшийнхаа талаар цөөхөн үгээр тодорхойлж хэлвэл?
-Багш маань асар их хөдөлмөрч хүн. Биднийг оюутан байхад багш ажил дээрээ хонох нь ч их, орой 23.00 цагаас өмнө харина гэж бараг байдаггүй, хамгийн сүүлд сургуулиас гарахад багшийн өрөөний гэрэл асаалттай л харагддаг байсан. Аливаа юманд хүчтэй хүсэл эрмэлзэл, халуун сэтгэлээр ханддаг, их эрч хүч энергитэй хүн. Тухайн үед дөнгөж л зах зээлд орж байсан бөгөөд банкны зээл сарын 18%-иас их хүүтэй, зээл авах их хэцүү, маш хүнд нөхцөлд их л тэсвэр хатуужилтайгаар зориг гаргаж том зүйлийг зорьж хийсэн. Багш маань тухайн үедээ л их зовлон үзсэн гэж би боддог. Тэр бүгдийг багш өөрийн сэтгэлийн тэнхээгээр даван туулж одоо зорьсондоо хүрч чадсан.

-Та элэгний чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг том эмнэлэг лабораторийг байгуулж, өдий зэрэгтэй аваад явна гэдэг багшийн заасныг сайн сурч, хичээж хөдөлмөрлөсний үр дүн. Энэ талаар өөрийн багштайгаа өрсөлдөхүйц хэмжээнд бараг хүрчихжээ. Та юу хэлэх вэ?
-Уламжлалт анагаах ухаан гэдэг маш том агуу юм. Жишээлбэл уламжлалт анагаах ухааны эмч гэдэг хүүхдийн эмч ч хийнэ, дотрын эмчийг ч хийнэ, эмэгтэйчүүд ч үзнэ, дээр үед мэс засал хүртэл хийдэг байсан. Одоо ч гэсэн хануур, самнуур гээд мэс ажилбар хийдэг. Хүнийг цогцоор нь эмчилнэ. Миний хувьд элэгний чиглэлээр дагнан ажиллаж, Монгол орны элэгний оношлогоо, эмчилгээ, элэг судлалыг гадаадын ямар ч орноос дутахгүй хэмжээнд хүргэх юмсан гэж халуун сэтгэлээр зорьж ажиллаж байна. Энэ бүхнийг хийгээд явж байхад бэрхшээлтэй, хүндрэлтэй ч юмнууд гарч байна. Энэ бүхнийг өөрийнхөө хирээр давж туулаад явж байна.
Элэгний өвчлөл буурахгүй өссөөр байгаа гол шалтгаан нь юу вэ? Та гадаад дотоодын олон оронд ажиллаж байхад Монгол хүний гол онцлог нь юу байв?
Дөнгөж саяхан Солонгосын Чэжү аралд олон улсын эмч нарын дунд “Элэгний хорт хавдрын тухай” сэдэвт хурал болсон. Энэ хуралд манай холбооноос болон Монгол эмч нар оролцож илтгэл тавьсан. Би ч бас “Монгол оронд элэгний хорт хавдрын байдал” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Эндээс үзэхэд сэтгэл түгшээсэн тоо гарсан. Манай улсын элэгний хавдар дэлхийн дунджаас бараг арав, хорь дахин өндөр үзүүлэлт гарсан. Би өөрт чинь энэ графикийг үзүүлье.

Үүнээс харахад манай улс дэлхийн дунджаас бүр хол тасарчихсан байна. Элэгний хорт хавдраар зуун мянган хүн ам тутамд 60-аас дээш хүн нас барах нь дэлхийн рекорд юм. Гадаадын эрдэмтэд “- Монголд яагаад элэгний хорт хавдар ийм өндөр байна вэ?” гэж надаас асууж байсан. Би үүнд “- Бид социалист нийгмийн үед шприцний шараар их өвчилсөн. Иймээс элэгний В, С вирүс орон даяар их тархсан. Халдвар тархсаны дараа эмнэлгээр дамжин дахин халдвар тархсан. Одоо ч бас тархсаар байна гэж хэлэхэд “- Вакцинаар их тархсан уу?” гэж асуусан. Вакцинаар дамжсан юм ч их байгаа юм. Биднийг бага байхад вакцинжуулалт хийж байна гээд нэг ангийн хүүхдүүдийг бүгдийг нь нэг л тариураар лааны дөлд шприцийг ариутгаад эсвэл шприцээ буцалгаж байгаад тарьчихдаг байсан. Үүнээс болоод ард түмний дунд элэгний В, С вирүс их тархсан бөгөөд үүний үр дагавар нь одоо гараад талдаа орж байна гэж хардаг. Бид ч ийм ойлголттой байгаа.

Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага өөрөө элэгний В, С вирүсийг их тараасан юм байна?
Энэ тал дээр эрүүл мэндийн ямар ч байгууллага маш шүүмжлэлтэй хандах ёстой. Сүүлийн үед элэгний В, С вирүсийн халдвар эмнэлгийн байгууллагаар л дамжин тархаж байна. Шүд эмчлүүлж яваад, төрөх гэж байгаад, эсвэл нэг жаахан гэмтээд оёогоо тавиулж байна гээд вирүс авчихсан хүмүүс их байна. Манай лабораторид элэгний вирүс тоолох шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа хийгддэг. Энэ судалгаагаар “-Та хаанаас вирүс авсан бэ?” гэсэн асуулт байдаг. Үүнд хариулсан хүмүүсийн ихэнх нь вирус авсан шалтгаанаа мэддэг ч 20 орчим хувь нь хаанаас вирүс авснаа мэддэггүй.

-Танай лабораторид хийгдсэн судалгаа дэлхийн бусад оронд хүлээн зөвшөөрөгдөх үү?
-Хүлээн зөвшөөрөгдөнө. Ялангуяа элэгний вирүс тоолох шинжилгээ, элэгний биохими, вирүсийн тоо, мөн бусад бактерлогийн шинжилгээнүүд англи дээр бичигдсэн байдаг тул гадаадын эмч нар ойлгох боломжтой. Хамгийн сүүлд манай лаборатори дээр нэвтрүүлсэн технологи нь элэгний хатуурлыг хэмжих төхөөрөмж байна. Дээр үеэс л элэгний хатуурлыг хэмжихдээ элэг рүү функцийн бүдүүн зүүгээр хатгаад элэгний зарим хэсгийг татаж аваад микроскопоор харж элэгний хатуурлыг тогтоодог байсан. Тэгвэл бидний нэвтрүүлсэн FibroScan технологи нь элэг рүү хатгах шаардлагагүй, элэгний гаднаас нь хавирганы хооронд нь хэмжээд энэ хүн элэгний хатууралтай байна уу? үгүй юу?, ямар түвшинд байна вэ? гэдгийг тогтоодог болчихсон.
Энэ технологи нь 2003 оноос хойш дэлхий дахинаа нэвтэрсэн. Дэлхийн 200 гаруй улсын 27 оронд нь энэ технологийг ашиглаж байгаа бөгөөд манай улс 28 дахь орон нь болсон. Манай лаборатори Монголдоо анх удаа энэ технологийг нэвтрүүлж, элэгний хатуурлыг хэмжиж оношилж байна. Одоогийн байдлаар 500 гаруй хүний элэгний хатуурлыг хэмжиж тогтоосон.

-Энэ оношлогоо нь том эмнэлгүүдийн эмч нарт маш их тус дэм болж байгаа болов уу?
-Тэгж ойлгож байгаа. Гэхдээ одоогийн байдлаар шинжилгээг ойлгуулах эмч нарын тоо маш цөөхөн байгаа. Ялангуяа өрхийн эмч нар, нэгдсэн эмнэлгийн эмч нарт зориулаад бид сургалт зохион байгуулсан. Мэдэхгүй эмч нар бидэнд хандвал бид туслахад бэлэн байна.

Хатуурлын үе шатыг тестээр харуулвал

Энэ шинжилгээ нэвтэрснээр манай Монгол улсад элэгний хатуурлын оношлогооны асуудал 100% биш гэхэд 97-98% шийдэгдлээ гэж ойлгож болно. Өмнө нь манай улсын иргэд гадаад улсуудад явж өндөр өртөг зардлаар оношлуулдаг байсан бол одоо эх орондоо маш бага зардлаар оношлуулах бүрэн боломжтой болсон юм.

-Оношлогооны тал дээр танай лабораторид их сайхан болжээ. Харин эмчилгээний тал дээр танай эмнэлэгт ямар байна вэ?
Эмчилгээний асуудал дээр ахиц маш их гарч байна. Манай эмнэлэг дээр элэгний С вирүсийн хувьд интерфероны, Ribavirin-ны эмчилгээг нэвтрүүлчихсэн. Манай эмнэлэгт энэ эмчилгээг хийлгээд хэвтэж байгаа хүмүүс бий. 2010 он гарснаас хойш С вирүсийн эмчилгээг оношлогоотой нь хамт цогцоор нь хийж байна. Эмчилгээний үр дүн 60-70% байна. Энэ нь С вирүстэй 100 хүн эмчлүүлэхэд 60-70 хүнийх нь вирүсийг устгаж байна гэсэн үг. В вирүсийн хувьд асуудал нилээд өөр, эмчилгээ нь ч өөр, вирүсийнх нь эмгэг жам нь ч өөр байдаг. В вирүсийн эмчилгээнд шинэ эмчилгээ нэвтрүүлсэн. Зарим талаар өндөр хөгжилтэй орноос ч илүү түвшинд хүрч байна. Тухайлбал 2008 онд АНУ-д эмчилгээнд нэвтэрсэн сүүлийн үеийн хамгийн сайн тенофовир хэмээх эм манай эмчилгээнд нэвтрээд явж байна. Энэ эмчилгээ Япон, Солонгост нэвтрээгүй байгаа бол АНУ-ын дараа монголд ороод ирчихсэн. Бид салбартаа В, С вирүсийн эмчилгээний хувьд олон улсын түвшинд оччихсон гэж ойлгож болно.

-Танайхаар үйлчлүүлж буй иргэдээ хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Манай эрүүл мэндийн салбарт ганцхан элэг биш бусад зүрх судас, сахарын өвчлөлийг судлах эмчлэх тал дээр маш удаан явцтай хөгжиж байна. 2008 онд Монголд ирснээс хойш зүрх судас, сахарын өвчлөл асар хурдтай нэмэгдэж байна, миний ажигласнаар бараг хоёр дахин нэмэгдсэн. Манай монголчуудын хоол ундны дэглэм, амьдралын хэв маяг ерөөсөө болохгүй байгааг л хэлээд байгаа юм.
-Дээхнэ үед Монголчууд чихрийн шижинээр бараг өвддөггүй байсан гэдэг?
-Сахар нь хоолны хэв маяг хэтэрхий өөрчлөгдөж буруу иддэг болсонтой холбоотой. Хөдөлгөөний дутагдал, таргалалтаас болоод даралт ихдэх, зүрхний шигдээс, бах, цус харвах бүгд л нэг шалтгаантай, судасны гэмтлээс болдог. Судас гэмтэх, өөрчлөгдөх нь хоол унднаас болдог, хэт өөх тостой хоол их идэх, тэгсэн мөртлөө хөдөлгөөн маш бага байгаатай холбоотой. Энэ бүхэн гамшгийн хэмжээнд хүрээд байгааг ирж үзүүлж байгаа өвчтөнүүдээс ойлгогддог. Зөв амьдрах, зохистой хооллох талаар иргэддээ сургалт сурталчилгааг байнга хийх хэрэгтэй байна. Манай улсын хувьд хөгжиж буй орон, буурай хөгжилтэй улс гэсэн нэрийн дор олон жил явчихсан, хоол хүнсний дутагдалтай он жилүүд байсан байх, одоо бол тэр байдал арилсан ч хуучин байсан үеийнхээ сэтгэлгээгээр хоол олдож л байвал идэж л байдаг, гэтэл би өдөр хоол идчихлээ, орой багахан идэх юм шүү гэж хоолны дэглэм барьж чаддаггүй, үүнээс илүү идэхгүй шүү гэж өөртөө хяналт тавьж чаддаггүй. Энэ хэт их идэлт, таргалалт нь яваандаа хорт хавдрыг ихээр нэмэгдүүлэх шалтгаан болдог. Энэ тал дээр анхаарахгүй бол элэгний вирүсээс илүүтэйгээр дараагийн гамшигт өвчинүүд нүүрлэх нөхцлүүд бий болоод байна шүү гэдгийг анхааруулж байна.

-Бусад ижил эмнэлгүүдээс танай давуу тал юу вэ?
-Гол давуу тал онцлог гэвэл элэгний оношлогоо, эмчилгээ хоёр нэг дор байдаг тул эмчилгээ хийж байгаад дундаас нь таслаад “- тийшээ очоод шинжилгээ өгөөд ир” гэх асуудал байхгүй. Элэгний вирүсийн эмчилгээ нь манай улсын хувьд ерөнхийдөө хоцрогдчихсон юм. Тийм болохоор шинэ шинэ эмчилгээнүүдийг нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа хамгийн орчин үеийн эмчилгээ үйлчилгээг манайхаас авах бүрэн боломжтой. Мөн бидний хувьд элэгний вирүсийн эмчилгээн дээр тодорхой хэмжээний туршлага хуримтлуулчихлаа.

-Сургуулиа дөнгөж төгсөөд ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?
-Их сайхан дурсамжууд байдаг. Дөнгөж сургуулиа төгсөөд ангийнхаа Батхүү эмчтэй цуг Гэсэр сүмд байрладаг Гандантэгчлэн хийдийн Мамба дацанд эмч зурхайчаар ажиллах гэж байхдаа хамгийн түрүүнд бид хоёр мод цуглуулсан. Их зузаан зузаан банзаар өвчтөнийхөө орыг хийх гэж тэр л дээ. Нилээн бөх бат ор хийе гэж бодсон. Тэгээд бидэнд гаргаж өгсөн нэг өрөөнд ороо хийж байрлуулчихаад дараа нь хөдөө явж эмийн ургамлуудаа түүж, цуглуулаад эмээ хийж бэлтгэсэн. Тэгээд зурхайгаа үзээд өөрсдийнхөө хийсэн эмээр өвчтөнөө эмчилж эхэлсэн.

-Тухайн үед, одоо ч ард түмэн Мамба дацанд очиж үзүүлэх дуртай байдаг. Их сайн сайн Маарамбууд тэнд л байдаг байсан?
-Тэр үед манай багш Хоовой маарамба тэнд ажиллаж байсан. Хоовой маарамба багш бид хоёрыг анх хүлээж аваад тэр мод авах зардлыг гаргаж өгч, зааж чиглүүлж байсан. Тэнд нэг жил Хоовой маарамба багштайгаа ажилласан. Тэр үед намайг Япон улсад сурахаар явж байхад багш маань “-Чи тэр оронд үлдэж болохгүй шүү, их зүйлийг сураад заавал эх орондоо ирж ажиллаарай” гэж захиж байсан. Би тэр үгийг нь маш тод санадаг, тэгээд багшийнхаа үгэнд заавал орж эх орондоо ирж ажиллана гэж дотроо боддог байлаа.

-Төр засгийн зүгээс таньд дэмжлэг үзүүлэх ч юмуу ядаж урмын үгээр мялааж байна уу?
-Яг төр засгийн зүгээс манай лабораторид, эсвэл эмнэлэгт тодорхой хэмжээгээр шууд утгаар нь дэмжлэг үзүүлсэн юм байхгүй.

-“Бор зүрх”-ээрээ л явж байна уу?
-Бидний хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь юу вэ гэвэл, элэгний вирүсний эмчилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байдаг тул манай өвчтөнүүд эмчилгээнийхээ зардлыг дийлдэггүй. Жишээлбэл С вирүсийг устгадаг нэг тариа 300мянгаас дээш үнэтэй байдаг, бүтэн жил 50 удаа тариулна гэвэл 15 сая төгрөг болдог. Энэ мөнгийг дундаж орлоготой өрх ч гаргаж дийлэхгүй, энэ мөнгийг гаргаад вирүсээ эмчлүүлэх хүн олддоггүй. Ард түмэн эмчилгээний зардлаа дийлэхгүй байна. Даатгалд хамруулж өгч бидэнд дэмжлэг үзүүлвэл их хэрэгтэй байна. Бидэнд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх сонирхол их байна, зөвхөн элэгний эмчилгээний чиглэлээр ч биш, бүх чиглэлд шинэ оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж их хэрэгтэй байна. Эсвэл бидэнд тэр тоног төхөөрөмжүүдийг аваад өгөөчээ, ЭМЯ-нд гадаадын тусламжаар тоног төхөөрөмж оруулж ирээд зөвхөн улсын цөөхөн эмнэлэгт л өгөх юм, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өгч болдоггүй юмуу? Улсын байгууллагууд санаачлага муутай, хариуцах эзэн байхгүй учраас тоног төхөөрөмжүүдээ ажиллуулж мэдэхгүй, үр ашгийг нь гаргаж чадахгүй, зарим нь эвдэрчихсэн “хог” мэт хэвтэж байх юм. Гэтэл үүнийг хувийн хэвшилд өгөх юм бол эзний ёсоор хандаад, эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлээд байж чадна. Тийм болохоор хэрэгтэй газарт нь хэрэглэж чадах хүмүүст нь өгөөд үр дүнг нь тооцоод байж болмоор санагдах юм.

-Та гадаад дотоодын олон эрдэм шинжилгээний хуралд оролцсон байдаг. Манай улсад ийм хурлууд зохион байгуулагдаж болдоггүй юмуу?
-Бүрэн боломжтой. Энэ дашрамд сонордуулахад 2012 оны 9-р сарын 7,8,9-нд “Тусгаар тогтнолын ордон”-д “Элэгний С вирүс болон бусад хавсарсан халдварууд” нэртэй олон улсын онол практикийн эрдэм шинжилгээний хурал анх удаа болох гэж байна. Энэ хуралд элэгний В, С вирүсийн чиглэлээр судалж ажилладаг дэлхийн олон шилдэг эрдэмтэд, эмч нар ирж оролцох юм. Энэ хүмүүстэй уулзаж, өөрсдийнх нь амнаас лекцүүдийг нь сонсох ховор боломж олдож байгаа юм.

-Хаанаас зохион байгуулж байгаа вэ?
-“Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо”-оос 2010 онд энэхүү арга хэмжээг зохион байгуулах тендерийг зарласан бөгөөд манай Монголын элэгний эмгэг судлалын холбоо оролцож тендерт ялалт байгуулсан. Тэгээд энэхүү арга хэмжээг анх удаа Монголдоо зохион байгуулах эрхийг нь авсан.
Монгол улсын хэмжээнд элэг судлал, элэгний В, С вирүсийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр судалгаа хийж, ажилладаг УБ хотын болон хөдөө орон нутгийн эмч нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.