Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр байт харвааны “360” талбайн нээлтийн ёслол боллоо.
Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд гиннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгосон аж.
Уг цагираг сүндэрлэсэнээр байт харваач тамирчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ.
“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” нэртэй энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм байна.
Дээрх ажлыг Монголын байт харвааны холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд биечлэн удирдаж, зохион байгуулсан бөгөөд хөрөнгө босгохоос эхлээд талбай баригдаж дуусах хүртлэхи бүхий л үйл ажиллагаа гагцхүү С.Эрдэнэболдын багийн залуусын хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээр бүтжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч байт харвааны “360” талбайн нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ: "Бүтээн байгуулалтын ажилд ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмжсэн зохион байгуулалт, менежтентээр асар богино хугацаанд барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Олон нийтийг хоёр сарын турш идэвхжүүлж, урмыг бадраан, сайн сайхан зүйлд уриалан дуудсаар байт харвааны “360” талбай сүндэрлэн бослоо.
Бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, гардан удирдсан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Пунцагийн Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд нар болон бүтээн байгуулалтад оролцсон, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье." хэмээсэн юм.
Ийнхүү С.Эрдэнэболдын багийнхан менежментийн чадвараа нийгэмд амжилттай харуулахын сацуу Монгол хүн бүр нэгэн зорилгын төлөө санал нэгдэн, өдөр бүр тууштай хөдөлмөрлөж чадвал юуг ч бүтээж чадахын эгэл даруухан атлаа сэтгэл хөдөлгөсөн нэгэн түүхийг бүтээлээ.

М.Чойжал
Эх сурвалж: Sonin.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.