Өнгөрсөн 9.25-ний өдөр болсон “Иргэдийн индэр” нээлттэй уулзалтаар малчид зөвлөгөөн хийх хүсэлтийг Аймгийн Засаг даргад тавьсан.Улмаар хүсэлтийг хүлээн авч аймгийн ХХАА газраас “Аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжил, сэргэлт- 2023“ малчид, фермерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2023.11.17/ зохион байгуулж байна.Зөвлөгөөнөөр:Улс аймгийн хэмжээнд Төрөөс мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудал тэдгээрт авах арга хэмжээний талаар малчид фермерүүд, холбогдох байгууллагууд тал бүрээс хамтарч ярилцаж шийдэл олох зорилготой.Зөвлөгөөнийг Дархан-уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилга, дэмжлэгээр явуулж, 4 сумдын 300 малчин, мал бүхий иргэн, фермерүүд хамрагдаж байна.Манай аймаг нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд дунджаар 4.0-4.5 мянган тонн малын мах, 6.5-7.0 сая литр сүү, 80-82 тонн ноос, 7.0-7.5 тонн ноолуур, 20.0-22.0 мянган ширхэг арьс ширийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээт махны 80, сүү, сүүн бүтээгдэхүүний 60, өндөгний 25-30, зөгийн балын 60-70 орчим хувийг тус тус хангаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.