Өнөөдөр “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөрт зориулж төмөр замчид нэгэн шинэ дээд амжилтаар ойдоо бэлэг барилаа. Тодруулбал, Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар 18 галт тэрэг хүлээлгэн өгч 17 галт тэрэг хүлээн авчээ. Харин нарийн царигаар 9 хос галт тэрэг солилцов. Ингэснээр урд хилийн гарцаар 74 жилийн хугацаанд нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцсон өдөр болж өнгөрлөө.

Галт тэрэг солилцоо нь УБТЗ-ын тээврийн хэмжээ цаашлаад Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Мөн бүс нутагтаа Ази-Европыг холбосон транзит тээврийн гол коридоруудын нэг болж, олон улсад танигдсан нэр хүндтэй төмөр замын нэг болоход уг технологит ажиллагааны хурд чухал нөлөө үзүүлэх юм.

Өнгөрсөн 74 жилийн хугацаанд улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн төмөр замын тээврийн салбар, төмөр замчдын  гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байгааг энэхүү үйл явдал харуулж байна. Тээврийн хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа энэ үед “УБТЗ” ХНН-ийн хамт олон бүхий л боломж хүчин чадлаа дээд зэргээр ашиглаж, бахдам амжилтууд гаргасаар байгаа юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.